card

‏‏‎

Creative 100 төслийн анхны хандивын оройн зоог

Анхны 1000 Алхам ТББ болон Creative 100 залуусын нэгдэл хамтран Хүүхдийн төв сувиллын байнгын асрамжид байдаг хүүхдүүдэд зориулан тоглоомын талбай барихаар ажиллаж байна.

Тус санаачилгын хүрээнд 2019 оны 12-р сарын 5-ны өдөр Хандивын оройн зоогийг амжилттай зохион байгуулж нийт 55 зочин хүрэлцэн ирж хандив өглөө. Хүрэлцэн ирсэн хүн бүр Rosewood рестораны зүгээс тусгайлан бэлтгэсэн зоогийг амтархан зооглохын зэрэгцээ үдшийн туршид сонирхолтой яриа өрнүүлэн, хөгжөөнт тоглоом тоглож арга хэмжээнд идэвхтэй оролцлоо. Creative 100-ын залуу архитекторууд тоглоомын талбайн зураг төслийг зочдод танилцуулж, ирсэн зочид ч бидний санаачилгыг дэмжин тун эергээр хүлээн авсан.

Одоогийн байдлаар оройн зоогийн орлогоос гадна Анхны 1000 Алхам ТББ-ын дансаар хандив өгч байгаа хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр нийт 5,000 гаруй ам.доллар цуглараад байна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан, өсөлт болон хөгжлийн бэрхшээлээс үл хамааран тоглох боломжтой сонирхолтой тоглоомын талбай барих зорилгоор одоогоор 12,000 ам.доллар босгох зорилт тавин ажиллаж байна. Хоёр байгууллагын зүгээс цаашид хандивын аянаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Creative 100-ын залуус маань тоглоомын талбайн дизайн шийдлийг эцэслэн боловсруулна.

Бидний төлөвлөж байгаагаар тоглоомын талбайн барилгын ажлыг 4-р сард эхлүүлж хүүхдүүд маань ирэх зун гэхэд аюулгүй орчинд хөгжилдөн тоглох боломжтой болно.

Creative workshop No.3

Creative100 төслийн 2019 оны хамгийн сүүлийн Creative workshop LAB 2 хот төлөвлөлтийн бодлого судалгааны ТББ-тай хамтран зохион байгуулагдлаа.

Энэ удаа хот төлөвлөлтийн мэргэжилтэн О.Мөнгөнтуяа АНУ-ын Сакраменто хотын даргын санаачлагаар хийгдсэн Vanguard хөтөлбөрт хамрагдсан туршлагаасаа хуваалцсан бөгөөд Land value буюу газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх шийдлүүдээс хуваалцсан нь манай залууст их таалагдсан. Үүний дараагаар төслөө хэрэгжүүлээд санаагаа гүйцэтгэж дууссан болон санаан дээрээ баг бүрдүүлэн ажиллаж буй залуус туршлагаасаа хуваалцсаны дараа илүү нээлттэй байдлаар хүмүүс шийдэл саналуудаа ярилцлаа. Энэ удаагийн уулзалтаар төсөлд маань олон шинэ залуу нэгдэн орсон бөгөөд бие биедээ хэрэгтэй мэргэжлийнхээ хүнийг хайж олж багаа бүрдүүлэх зорилгоо биелүүлсэн гэж найдаж байна.

LAB 2-ын үүсгэн байгуулагч Дөлгөөн "Сайн уу, намайг ХОТ гэдэг" нэртэй сонирхолтой танилцуулга хийж хот төлөвлөлтийн онолын талаас нь сонирхолтой жишээнүүд хуваалцсан бөгөөд ХҮМҮҮС тухайн орчинд байна гэдэг нь өөрөө амжилттай төлөвлөлтийн хэмжүүр юмаа гэсэн нь анхаарал татлаа. Одоо залуус маань он дуустал санаануудаа төгөлдөржүүлж олон нийтэд дэлгэх л үлдлээ. Бид одоо нийт 160 гаруй бүтээлч салбарын залуусыг нэгтгээд байгаа бөгөөд хамгийн эхний 100 залуусын бүтээлийг та бүхэндээ нэг нэгээр нь дэлгэн танилцуулах болно.

Асуудал ихтэй хотод, шийдэл бүр ч их бий. #creative100 #urbandesign #YoungUB #Ulaanbaatarian

2019 оны 11 дүгээр сарын 05

Creative workshop No.2

2 дахь удаагийн бүтээлч уулзалт маань явган аялалтай байсан нь онц сонирхолтой байлаа. Өдөр болгон явдаг гудамжуудаараа түүхийг нь сонсоод алхахдаа алхам тутам уулга алдсаар явлаа. Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярт бидний мэдээгүй, сонсож байгаагүй хэдэн арван цагийн мэдээлэл байгаа гэсэн нь хичнээн их түүхтэй хотод байгааг маань сануулсан үг байв. Дахиад өөр маршрутаар хотын явган аялал хиймээр санагдсан. Очбаяр маань гэр хороолол дундах соёлын өвд түшиглэн хэрхэн олон нийтийн талбай бий болгох талаар мөн залууст илтгэл тавьсан бөгөөд илтгэлийнхээ дараа өөрөө төслийн 100 залуусын нэг болж шийдлээ олон нийтэд хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Маш их баярлалаа чамд.

Бүх хүнд ээлтэй гудамж талбайг бий болгохын төлөө залуусаа чиглүүлэн цаашид хамтран ажиллахаар бид ЖАЙКА олон улсын байгууллагын Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийг оролцоог дэмжих төслийн ахлах зөвлөх Чиба Хисао-г урьсан. Энэ илтгэлийн үеэр асар харгис, хүнлэг бус хотод амьдарч буйгаа улам ойлгов. Японы 1 дүгээр зэрэгэлийн архитекторч ирээд Улаанбаатар хотын гудамж, олон нийтийн барилга байгууламжуудад хүртээмжийн үнэлгээ хийгээд-Яаж Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ингэж хандаж чадаж байна аа гэж сэтгэл шимширтэл хэлсэн гэнэ. Залуус бид хүнлэг, хүртээмжтэй гудамж талбайг бүтээлцэхийн төлөө хамтдаа хичээх цаг нэгэнт иржээ. Шийдвэр гаргахгүй юм гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настнууддаа ээлтэй орчин бүтээх шийдвэр гаргахад нь нөлөөлөл үзүүлж байхын чухлыг гүн гүнзгий ухамсарлав.

5 цагийн турш үргэлжилсэн хөтөлбөрийн дараа ч залуус маань санаагаа ярилцан хамтдаа сууж бие биенээсээ хэсэг урам зориг авав. Энэ удаагийн Creative workshop-с 2 зүйлийг бид маш сайн ойлгов.

1. Асар их түүх соёлтой хотынхоо давтагдашгүй байдлыг хайрлахын тулд түүхийг нь үнэ цэнийг нь олон нийтэд улам сайн мэдрүүлэн таниулах ёстой юм байна.

2. Төлөвлөлт хийж буй хэн ч бай өөрийнхөө оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг бодолцон хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх боломжоо шавхах хэрэгтэй.

Хүнлэг, бүтээлч шинэ үеийн залуусын идэвхтэй ажиллах үе ирж байна. Бүтэн цагийн ажилтай ч оройн цаг, амралтын өдрүүд үл харгалзан манай төсөлд оролцон явж буй бүх залуус та бүхнийгээ маш их хүндэтгэн бахархаж байгаа шүү.

2019 оны 10 дугаар сарын 12

Creative workshop No.1

Хотын дизайныг өөрчлөх, сайжруулах зорилгоор нэгдээд буй бүтээлч залуусын бүтээлч уулзалтыг цувралаар зохион байгуулсны хамгийн эхний буюу
Creative workshop No.1 2019 оны 9 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт Hub Innovation Center дээр болж өнгөрсөн. Бүтээлч залуус бүгдээрээ хамтдаа уулзаж саналаа солилцох, гар зураг гаргахын зэрэгцээ төслөөс хүлээж буй үр дүнгээ илэн далангүй ярилцлаа.

Төслөө эрсдэлгүй, үр дүнтэй удирдаж дуусгахад туслах хэд хэдэн чухал оролцогч талуудаа урьж оролцуулсныг хэлэхэд мөн таатай байна. Улаанбаатар хотын захиргаа, тэр дундаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Захирагчийн ажлын албаны Тохижилтын хэлтсийн төлөөллүүд болон Монголын маркетингийн холбоо, хувийн хэвшлийн төлөөллүүд төслөөс хүлээж буй үр дүн, цаашид хамтын ажиллагаагаа яаж улам үр дүнтэй байлгах тухайгаа ярилцаж чадлаа.

Анхны бүтээлч уулзалтаараа төслийн зорилго, цар хүрээ, тус тусын хийдэг ажил мэргэжлийнхээ тухай дэлгэрэнгүй ярилцаж хоорондоо танилцав.

Улаанбаатар хотын гудамж талбайд өнгө, дизайн нэмэх бүтээлч салбарын 100 залуусын нэгдсэн төслийн анхны креатив уулзалтын үеэр дараах 5 үндсэн ангилалд хуваагдан ажиллахаар болсон.

1. Олон нийтийн гудамж талбайг бүхэлд нь дахин загварчлах, бүтээлч төлөвлөлт

2. Олон нийтийн гудамж, талбайн туслах элементүүд буюу гэрэлтүүлэг, хашаа, сандал, саравч гэх мэт

3. Ногоон байгууламжийн дизайны шийдлүүд

4. Хотын өдөр тутмын амьдралын ямар нэг бэрхшээлийг дизайнаар сайжруулах шийдэл. Хүртээмжтэй хот, ээлтэй, аюулгүй хот байх тухай ойлголтууд.

5. Анхаарал татахуйц урлагийн элемент эсвэл өнгө будаг

Дээрх чиглэлүүдээс хамгийн сонирхолтой санагдсан дээрээ төвлөрөн ажиллаж Улаанбаатар хотдоо өнгө нэмэхээр 40 гаруй залуус энэ удаагийн уулзалтад оролцож бүртгэлээ баталгаажуулав.