
Машинд зориулагдсан хотыг дизайнаар эвдэх нь
Улаанбаатарчуудын бухимдал, тэвчээрийн хязгаарыг шалгадаг замын түгжрэлийг нэмэгдүүлэх санаачилгуудыг жилээс жилд улсын төсвөөр дэмжин хийсээр. Замыг өргөтгөлөө гээд түгжрэл буурсангүй. Нүхэн гарц, гүүр бариад ч үр дүн гарахгүй гэдэгтэй одоо бид эвлэрэх цаг болсон. Биднийг ийн мунгинах зуур томоохон хотууд автозамаа нарийсгах, болж өгвөл автомашингүй гудамж болгон хаах, нүхэн болон гүүрэн гарцаа нураан явган зорчигчдод орон зай гаргах арга хэмжээ авч эхлээд байна. Иймд хэдийнэ хоцрогдож эхлээд буй шийдлүүдэд олон жил хоцорсон үр ашиггүй хөрөнгө оруулсаар байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой.
Залуусын хүсэж буй орчныг өөрсдөөс нь асуух хотын дизайны хөдөлгөөн
Машинууддаа зориулан зогсоол, зам, гүүр, талбай гаргасаар энэ хотод явган хүн тавхан минут тайван алхах ч орон зай үлдсэнгүй. Магадгүй Улаанбаатар хот маань дэндүү эрчимтэй хөгжихийн зэрэгцээ барьсан байшин, хашсан хашаа бүрийн стандарт нормыг хянаж зохицуулах төрийн оролцоо, самбаачилга дутаад байж мэдэх. Төсвийн хөрөнгөөр гудамжинд хийсэн бүхэн чанаргүй, хямд, хоцрогдмол байгаа нь мөн л төрийн худалдан авах ажиллагаа хамгийн хямдыг нь сонгож, Хятад импортын бараа гудамжинд овоолдогтой холбоотой. Дотоодын бүтээгчид энэ бүхэнд гомдоод олон жил болж, бид ч энэ гажуудлын улмаас ийм л царай муутай хотод амьдраад байна. Системийн дагуу явбал дараагийн 10 жилд ч өөрчлөлт орохгүйг залуус мэдэрч өөрсдөөсөө эхэлж, үлгэрлэн үзүүлэх хөдөлгөөн эхлүүлэхээр шийдсэн нь "Бүтээлч 100" нэртэй хотын дизайны төсөл юм.
Хүмүүс ашигладаг “амьд” гудамж талбайг бүтээх нь
Олон нийтийн гудамж талбайг бүрдүүлж байдаг төрөл бүрийн элементүүдийн хоорондын зохицол, шийдлийг сайтар төлөвлөхгүй бол тухайн зай талбайг хүн ашигладаггүй. Хүн ашигладаггүй нийтийн эзэмшлийн гудамж, талбай бол үхмэл орон зай. Тэнд ямар нэг алдаа байна гэсэн үг. Тиймээс зөв төлөвлөөд, түүнийхээ дагуу хэрэгжүүлбэл хотын гудамж талбай “амьдардаг”. Амжилттай төлөвлөж, гүйцэтгэсэн олон нийтийн гудамж, талбайн нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө маш их.
Хотын ногоон байгууламжаа сэргээхэд нэгэнт оройтсон уу?
Улаанбаатар хот маань хүний хэрэгцээ хангахуйц ногоон байгууламжаа бүрэн алдаж дууссан гэдэгтэй бид хэдийн эвлэрчээ. Сүүлийн хэдэн арван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн эрчимтэй хотжилтын нөлөөгөөр дэлхийн бусад хот ч нүцгэрч үлдсэн гунигтай түүх давхцаж байгаа. Гэхдээ байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд орших манай хот хамгийн хөөрхийлөлтэй, "нүцгэн" нь үнэн билээ.