card

Улаанбаатар хотын дизайныг сайжруулах залуусын сайн дурын хөдөлгөөн

Хот бол хүмүүсийн өдөр тутмын амьдрал, хөдөлгөөний урсгал юм. Харин тэрхүү урсгалыг чөлөөтэй, тайван, аюулгүй, хүртээмжтэй байлгахад гудамж, олон нийтийн талбайн үүрэг асар их. Улаанбаатар хотын иргэн бид хотынхоо гудамжаар тайван таашаалтай алхах боломж, төлөвлөлт асар дутмаг байдаг гэвэл та санал зөрөхгүй биз. Бидний амьдарч буй орчныг төр шийдэж өгнө, бүхнийг хэн нэгэн хэзээ нэг цагт хийчих байх гэж хүлээвэл дэндүү хожимдоно. Яагаад манай хот ийм харгис буруу төлөвлөлтүүдийг энэ олон жил хийсээр, тэр ч бүү хэл давтан үргэлжлүүлсээр байгаа юм бол Тогтолцооны алдаа байна уу, иргэд өөрсдөө яагаад оролцохгүй байна? Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, хүүхдэд, өндөр өсгийт өмсөн алхах бүсгүйчүүлд таатай бага ч гэсэн орчныг бүтээж болохгүй гэж? 

Энэ олон яагаад, яавал гэсэн асуултуудыг сүүлийн 4 жил давтан давтан асуусаар 2019 оны 4 дүгээр сараас зориглон эхлүүлсэн санаачлага нь Бүтээлч 100 төсөл юм. Улаанбаатар хотдоо өглөө бүр нар мандахыг харж, жаргатал нь завгүй ажиллаж байгаа залуусыг бид төсөлдөө дуудсан. 100 нэгдмэл санаатай залуус цуглаад ямар нэг зүйл хийж эхэлвэл маш том өөрчлөлтийн эхлэл болно гэж зөн төдий эхэлсэн. Харин одоо бид түүнээс ч олуулаа болж, дэлхийн хотуудын төлөвлөлтүүдийг хийдэг Project for Public Spaces, Gehl Institute гэх мэт шилдэг байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж эхэллээ.

Энэ бол урт хугацаанд тогтвортой үргэлжлэх залуусын сайн дурын хөдөлгөөн. Бидэнтэй нэгдэн орчноо шинэчил, машинд бус хүндээ ээлтэй Улаанбаатар хотыг бий болгоё. 

 

Төслийг санаачлагч Э.Золзаяа